JavaScript үндэс / Өгөгдлийн төрлүүд

Өгөгдлийн төрлүүд

JavaScript-д хадгалж болох мэдээлэл бүр тодорхой өгөгдлийн төрөл (data type)-тэй байдаг. Тоо нь тооны төрөлтэй, текст нь текстийн төрөлтэй. Энэ ялгааг ойлгох нь алдаагүй код бичихэд маш чухал.

JavaScript-д хэд хэдэн үндсэн өгөгдлийн төрөл байдаг. Эдгээрийг primitive (энгийн) төрлүүд гэдэг.

Үндсэн өгөгдлийн төрлүүд

Number — тоо

javascript
let age = 25;
let price = 99.9;
let temperature = -10;

String — текст (хашилтанд бичнэ)

javascript
let name = "Болд";
let city = "Улаанбаатар";
let greeting = `Сайн байна уу`;

Boolean — үнэн эсвэл худал

javascript
let isStudent = true;
let isPaid = false;

null — утгагүй гэдгийг санаатайгаар заасан

javascript
let selectedCourse = null; // Одоогоор сонгоогүй

undefined — утга оноогдоогүй хувьсагч

javascript
let result;
console.log(result); // undefined

BigInt — маш том бүхэл тоо (ховор хэрэглэдэг)

Symbol — давтагдашгүй утга үүсгэхэд (ховор хэрэглэдэг)

typeof оператор

Хувьсагчийн төрлийг шалгахад typeof операторыг ашиглана.

javascript
let score = 42;
let name = "Номин";
let active = true;
let nothing = null;
let empty;

console.log(typeof score); // "number"
console.log(typeof name); // "string"
console.log(typeof active); // "boolean"
console.log(typeof nothing); // "object"  ← JavaScript-ийн алдаатай хэсэг
console.log(typeof empty); // "undefined"

null-ийн typeof нь "object" гэж гардаг нь JavaScript-ийн түүхэн алдаа бөгөөд өнөөдөр болтол засагдаагүй байгаа. Ийм учраас null шалгахдаа тусгай аргыг ашигладаг.

Динамик төрөл — JavaScript-ийн онцлог

JavaScript нь динамик (dynamically typed) хэл учраас нэг хувьсагчийн төрөл өөрчлөгдөж болно. Энэ нь хялбар боловч болгоомжтой байхыг шаарддаг.

javascript
let data = 42;
console.log(typeof data); // "number"

data = "Текст болов";
console.log(typeof data); // "string"

data = true;
console.log(typeof data); // "boolean"

TypeScript хэл нь энэ асуудлыг шийдэж, төрлийг тогтмол хадгалдаг. Та дараа JavaScript-г сайн эзэмшсэнийхээ дараа TypeScript сурах боломжтой.

Object болон Array — нийлмэл төрлүүд

Дээрхи primitive төрлүүдээс гадна JavaScript-д нийлмэл (complex) төрлүүд бий:

javascript
// Object — нэрлэсэн өгөгдлүүдийн цуглуулга
const student = {
  name: "Болд",
  age: 20,
  isActive: true,
};

// Array — жагсаалт
const fruits = ["алим", "гүйлс", "жүрж"];

console.log(typeof student); // "object"
console.log(typeof fruits); // "object"

Object болон Array-г дараа нь тусад нь дэлгэрэнгүй үзнэ.

Дараагийн хичээлд:

Number өгөгдлийн төрлийг дэлгэрэнгүй судлана — нэмэх, хасах, үржүүлэх, хуваах болон математикийн нийтлэг үйлдлүүд.