Go / Go гэж юу вэ?

Go гэж юу вэ?

Go (мөн Golang гэж нэрлэдэг) бол Google компаний 2009 онд боловсруулсан програмчлалын хэл юм. Энэ хэлийг Robert Griesemer, Rob Pike, Ken Thompson нар бүтээсэн бөгөөд өнөөдөр дэлхийн томоохон компаниуд болох Google, Uber, Dropbox, Docker зэрэг нь Go-г өөрсдийн гол хэл болгон ашигладаг.

Яагаад Go сурах хэрэгтэй вэ?

Go хэл хэд хэдэн давуу талтай:

Хурдтай — Go бол compile хийгддэг хэл тул Python, JavaScript зэрэг interpreted хэлнүүдээс хамаагүй хурдан ажилладаг.

Энгийн — Go-ийн синтакс маш цөөн түлхүүр үгтэй. C++ эсвэл Java-тай харьцуулахад хамаагүй хялбар.

Concurrency — Нэгэн зэрэг олон ажлыг гүйцэтгэх (goroutine, channel) нь Go-ийн хамгийн хүчтэй тал юм.

Backend хөгжүүлэлт — REST API, microservice, command-line tool бичихэд хамгийн тохиромжтой хэлнүүдийн нэг.

Go сурснаар та дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай backend хөгжүүлэгч болох боломжтой.

Анхны Go программ

Go-д хамгийн энгийн программ дараах байдлаар харагдана:

go
package main

import "fmt"

func main() {
    fmt.Println("Сайн уу, дэлхий!")
}

Дэлгэцэнд дараах үр дүн хэвлэгдэнэ:

код
Сайн уу, дэлхий!

Энэ кодын бүтцийг задалж үзье:

  • package main — энэ файл main package-д хамаарна гэсэн үг. Go-д программ эхлэх цэгийг тодорхойлдог.
  • import "fmt"fmt package-г оруулж байна. Энэ нь хэвлэх, форматлах функцуудыг агуулдаг.
  • func main() — программ эхэлдэг функц. Go-д заавал байх ёстой.
  • fmt.Println(...) — мөр хэвлэх функц.

Go хэрхэн ажилладаг вэ?

Go бол compiled хэл юм. Энэ нь таны бичсэн код эхлээд машины хэлд орчуулагдаж, дараа нь ажилладаг гэсэн үг.

код
Таны код (main.go) → Go compiler → Гүйцэтгэх файл → Ажиллана

Python эсвэл JavaScript шиг interpreter дамжуулан ажилладаггүй тул маш хурдан байдаг.

Go файлын өргөтгөл нь .go байна. Нэг программ олон .go файлаас тогтож болно.

Тайлбар бичих

Кодод тайлбар бичихдээ // эсвэл /* */ ашигладаг:

go
// Энэ мөр тайлбар — ажиллахгүй
fmt.Println("Энэ ажиллана")

/*
  Олон мөрт тайлбар
  ингэж бичнэ
*/
fmt.Println("Энэ ч ажиллана")

Тайлбар бичих нь кодыг ойлгомжтой болгодог. Та хэдэн сарын дараа өөрийн кодыг харахдаа юу хийсэн байгаагаа тайлбараас мэдэж болно.

Дараагийн хичээлд:

Go хэлийг компьютертоо суулгаж, анхны программаа бичиж ажиллуулна. Суулгах нь маш энгийн — зөвхөн нэг файл татаж суулгахад хангалттай.